Thursday, December 30, 2010

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ


Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе!
Дуулж баясч угтаарай, шинэ оноо
Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо
Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна
Дутагдлаа засаад амьдраарай, нас байна
Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ
Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ
Happy new year!

Хэрхэн жаргалаа олох вэ? залуусаа...

Сайн байна уу залуус минь. Эрхэм залуу хүн та өнөөгийн амьдралдаа ер нь хир сэтгэл хангалуун амьдардаг вэ, таний амьдралд яг одоогийн байдлаар нэн шаардлагатай, за надад нэг ийм, ийм зүйлс байхад л би сэтгэл хангалуун, мөр бүтэн, үр хүүхэд хойч үедээ санаа зовох зүйлгүйгээр жаргалтай амьдарчих юм байна даа гэж бодогдож явдаг ямар, ямар асуудлууд байдаг вэ? Түүнд хүрэхийн тулд залуус бид өөрсдөө хэрхэн яах ёстой, Төр захиргаа, ихэс дээдсийн зүгээс биднийг бодлогоор хэрхэн дэмжих хэрэгтэй санагддаг зэргийнхээ талаар бодож явдаг зүйлсээ бичиж үлдээгээрэй. Би нэгэн судалгаа явуулах гэж байгаа юм. Та сувгаа солихоосоо өмнө миний судалгааны ажилд гүн туслалцаа үзүүлэн сэтгэгдэл үлдээгээрэй, тэгвэл би их баярлана шүү.

Thursday, December 23, 2010

ӨӨРТӨӨ ИТГЭ, ӨӨРТӨӨ ИТГЭ


Та бүхэнд энэ зураг яг юуг өгүүлж байгаа юм шиг санагдаж байна даа. Миний хувьд энэ муур би бол арслан, эсвэл би арслан болно гэж бодож байгаа гэж бодож байна. Америкийн тэрбумтан Дональд Трамп гэдэг бизнесмэн хүн ингэж хэлсэн байна. Хэнд ч бүү итгэ, зөвхөн ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ л итгэ гэж Энэ их үнэн үг шүү найз нараа. Энэ том бизнесмэн хүн энэ их хөрөнгийг олж хураахын тулд мэдээж олон хамтрагч, ажилчидтай байсан байж таарна. Гэхдээ бүх зүйлсийг, жижиг сажиг зүйлсийг ч гэсэн өөрөө хянаж үзэж байж санаа нь амардаг хүн гэж 1 номон дээрээс нь би уншиж байсан юм байна. Танийг дэвжиж дээшлэхэд хэн ч таньд туслахгүй зөвхөн та өөрөө өөртөө л найд өөр хэнд ч биш. 30, 35нас гараад ирэхийн алдад сурах идэвхи сулраад, ой тогтоолт мууддаг гэж шинжлэх ухаан баталсан байна. Иймд аль болох залуу байгаа дээрээ маш ихийг сурч мэд, идэвхи, санаачлагатай бай тэр чинь л таний ажил амьдралд тань ашиг тусаа өгч албан тушаалдаа дэвшиж дээшлэхэд, цалин пүнлүүгээ нэмүүлэхэд чинь тус болно шүү. Том амжилт гэдэг маань өөрөө асар олон жижиг амжилтуудын нийлбэр байдаг гэж миний нэг хүндэлж явдаг хүн маань надад хэлж байсан юм байна. Тэгэхээр залуучууд та бүхэн минь хир эрт, хир ихийг сурч мэднэ, хир хурдан дэвшиж дээшлэнэ тэр хэмжээгээр улс орон маань чадавхитай боловсон хүчнүүдтэй болж улс МОНГОЛ маань түргэн хөгжих болно доо.
ТЭГЭХЭЭР ЭРХЭМ ХҮНДЭТ ЗАЛУУ ЧИНГИСҮҮД МИНЬ ТА БҮХЭН МИНЬ АЛЬ БОЛОХ ЗАЛУУ БАЙГАА ДЭЭРЭЭ ИХИЙГ СУРЧ МЭД, НЭР ТӨРӨӨ БОДОЖ ЯВ, ЗОРИГТОЙ, ЭРЧ ХҮЧТЭЙ, ҮНЭН Ч ТУУШТАЙ БАЙ, ГИШГЭСЭН МӨРӨӨ БАЙНГА ЭРГЭЖ ХАРЖ БАЙ, ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ БАЙ, МЭРГЭЖИЛДЭЭ ЭЗЭН БОЛ, ХУЛГАЙ, АРХИ, ЗАЛХУУ, ХЭНЭГГҮЙ ЗЭРЭГЭЭС ХОЛ ЯВААРАЙ. ЗА ДАА ТЭГЭХЭД ЕР НЬ БҮХ ЗҮЙЛ САЙХАН БОЛНО ДОО, САЙХАН БОЛНО. БАЯРЛЛАА...

Монгол иргэдээ, монгол байгууллагуудаа дэмжицгээе.

Уг нь би энэ сэдвийг Монгол улсаа хөгжүүлье гэж нэрлэх гэсэн боловч нөгөө дээр гарчихаад шүлсээ хаяад буудаггүй АВИЛГАЧИН, ТОНУУЛЧИД-ийг ч бас дэмжчих гээд байгаа юм шиг санагдаад ингээд нэрлэчихлээ л дээ. Зарим авилгачид нь ямар нэг бусармаг аргаар төрийн дээд албанд олон жил суучихаад эрх мэдлээ буруугаар ашиглаж замбармаагүй хөлжихөөд би бол монгол улс, би бол монголын ирээдүй, монголын зүрх нь, би л хөгжүүлж байна, зөвхөн би, би л... гэж гариг андуурч хашгичаад байх юм. Ер нь бол аливаа улс орон, төр засаг гэдэг маань миний ойлголтоор иргэний нийгэм нь өөрөө улс орон, төр засгийн нүүр царай байх гэж боддог юм. Иргэдийн амьдралын түвшин, одоогийн амьдарч байгаа амьдралдаа хир сэтгэл хангалуун байна гэдгээр нь улс орны хөгжил харагддаг байх гэж бодож байна. Тэгвэл хэдүүлээ улсынхаа нийслэлийг л харъя л даа БИТҮҮ УТАА, Утаанбаатар гэдэг нэрээр ч соличмоор болчихсон, хотын зам нь нил эвдрэл, битүү түгжрээ, олон замбараагүй барилга байшин, салхин дээр нь баригдсан гэр хороололууд ЭНЭ АМЬДРАЛ БИШ ШҮҮ НАЙЗ НАРАА. 

Thursday, December 2, 2010

Алтан нарыг мандах тоолонд...


Миний дуртай шүлгийг гүйцээж өгсөн найз Болор-Оддоо их баярллаа. Энэ сайхан шүлгийг зохиосон хүн нь Говийн ноён догшин хутагт Дулдуйтын Данзанравжаа гуай байсан юм байна.
Ингээд дуртай шүлгээ (шүлэг гэсэн чинь уг нь сургаал үгс юм байна) бүрэн эхээр нь тавилаа. Эрхэм хүн та Алтан нарыг мандах тоолонд үнэн сэтгэлээсээ "Сайн байна уу нар минь" гээд мэндчилж байгаарай тэгвэл та нарнаас их энерги авч ажил үйлс, амьдрал ахуй чинь өөдрөг, бүтэмжтэй, сэтгэл санаа тайван, тогтуун сайхан байдаг юм шүү. Баярллаа..

Sunday, November 21, 2010

Амьдрах сайхан - №1

  Өнөөдөр 2010 оны 11 дүгээр сар 22ны өдөр, одоо шөнийн 2.35цаг болж байна. Яагаад ч юм нойр хулжчихлаа. Тэгээд зүгээр сэрүүн хэвтэж байхаар Бүжээ эгчийнхээ нээж өгсөн блог дээр анх удаагаа бие дааж юм бичээд оруулаад үзье, ер нь болох нуу үгүй юу гэж бодогдоод орноосоо босч ирээд бичиж сууна.
Нэг ийм шүлэг байдаг юмаа нэр нь юу билээ дээ байз?
            Өглөө болгон эртлэн босож Өндөр тэнгэрийг ширтэн харж бай
            Огторгуй хурмаст уужмын хутгаа оюун ухаанд тань хайрлах болноо
            Орой болгон нэгийг бодож одод ертөнцийг ширтэн харж бай
            Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар эрдэнэт бөмбөлөг гийх болноо...
гэдэг бил үү дээ би бас сайн санахгүй байна. Намайг бага ангид сурдаг байхад л өглөө болгон энэ шүлэг радиогоор явж байдагсан, одоо харин явдаг юм болов уу сайн мэдэхгүй юм. Яагаад ч юм бэ би энэ шүлгэнд их дуртай, амандаа байнга уншдаг сан. Цаашаа үргэлжлэл нь зөндөө байдаг юмаа, би мартчихаад байна. Энэ шүлэгний нэр , зохиогч, үргэлжлэлийг нь мэддэг хүн байвал, үргэлжлүүлж өгөөрэй. Тэгвэл таньд би их баярланаа хэхэ. Миний блогийн анхны зочин хэн байх, хэн коммент эхлэж бичихийг би таашгүй. Гэхдээ ямартай ч таньд урьдчилаад МАШ ИХ БАЯРЛЛАА гэдгээ хэлье. Учир нь би блогчин болж ЧАДАХ УУ, ҮГҮЙ ЮУ гэдэг асуудал надад одоо тулгараад байна л даа. Хэрэв магадгүй та бүхнээс надад урам хайрлавал би сайн блогчин болохын төлөө зүтгэнээ, цаашид бичих сэдэв маань ч ерөнхийдөө толгойд ар араасаа орж ирээд л байна. Нарт орчлонд хүн болж төрөх гэдэг их хувь заяа байдаг, шуудай шар будааг зүүн дээр нэг бүрчлэн унагаахад 1ш нь л тогтож үлдсэнтэй адил их үнээр олддог гэдгийг би байнга санадаг болоод байгаа. Амьдрах үнэхээр сайхан шүү хүмүүс ээ. За байз унтах гээд оролдъё, нойр минь хүрдэг л байгаа даа...

МИНИЙ ХАЙРТАЙ ХАМТ ОЛОН

МИНИЙ ХАЙРЛАЖ, ХҮНДЛЭЖ, ХАРАМЛАЖ, ХАЛАМЖИЛЖ, ХАМГААЛЖ, ӨМГӨӨЛЖ ЯВДАГ, ЯВАХ ЁСТОЙ  ХАМТ ОЛОН


Saturday, November 13, 2010

БУРХАН БАЙДАГ ЮМ - I

БУРХАН БАЙДАГ ЮМ БИЛЭЭ ШҮҮ ХҮМҮҮС ЭЭ!!! Итгэхгүй бол та үүнийг нэг уншаад үзээрэй...
Эрхэм уншигч таньд энэ сайхан гэрэлт нарны доорх гэгээлэг өдрийн мэндийг хүргье. Яагаад ч юм бэ Алтан нар бидэн дээр ав адилхан тусдаг, ав адилхан илчээ түгээдэг... гэдэг мөр аманд орж ирээд байх юм.

Нээрээ би ямар нэгэн шашинг сурталчилах гээгүй, хүн мунхруулах гээгүй юм шүү зүгээр л өөрт тохиолдсон наддаа бол маш айхтар сургамж, бодрол, ухаарал хайралсан 1 түүхийг бичих гэсэн юм шүү.
Надад энэ явдал маш их нөлөөлсөн учир би хэтэрхий их нуршчихлаа уучлаарай.
Яг 1 сарын өмнө ийм явдал тохиолдсон юм л даа. Бидний 4 найз хөдөө ажиллаж байгаад жил орчим уулзалдаагүй учир цагаан сараар нэгнийдээ нилээд ууж, ам халцгаагаад 6,7 дахь өдрийг ашиглаад гялс Булган аймаг руу анд явахаар болсон юм. Бид маш сайхан оюутан цагийн найз нар, дандаа л уулзаж учир ч бие биенийхээ алдаа дутагдал, ололт амжилтыг хэлэлцэж байдаг гэмгүй сайхан найз нар юм. Уг нь энэ жилийн хийморио үзэх гэж байгаа нь тэр. Архины дуудлагад өртсөн тэр гайт өдөр нь Билгийн тооллын Шинийн 5,6-ны өдөр байсан юм билээ. Монголчууд Шинийн 15 хүртэл ан гөрөө хийж болохгүй, амьтны амь тасалж болохгүй... гээд зөндөө айлдвар, сургааль байдгийг бид ерөнхийд нь мэддэг мөртлөө тэр өдөр хэн нь ч анзаараагүй байна лээ сүүлд бодоод байхад.

Thursday, November 4, 2010

Бурхан жинхэнээсээ байдаг юм байна - II буюу 2010-11-01 Today is MY BEST DAY!!!

Cайн байцгаана уу. Та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд хүргье. Дээрх явдал болсноос хойш даруй 7-8 сар өнгөрчээ. Удаан холбогдоогүйд хүлцэл өчье. Гэхдээ ингэж удсанд учир байсанг та одоо миний бичих хэсгээс уншаад мэдэх болноо. Түүнээс хойш 2010 оны 7 дугаар сарын эхээр Э маань Солонгос руу явж хамгийн сайн эмнэлэгт нь үзүүлж дахин хагалгаанд орсон юм. Тэгээд Со эмч нар нь 1 жил орчимын хугацаанд мэдээ орно гэж хэлсэн юм билээ. Одоо би Говь Алтай аймагт ажиллаж байгаа юм л даа. Со-гоос ирэхэд нь уулзахад “Миний гар мэдээ мөд орохгүй юм шиг байнаа” гэж байсан юм. Тэгээд хөөрхий 2 гартай байсан хүн 1 гартай болоод юм хийх гэхээр аргагүй 1 гар нь дутагдаад их хэцүү юм билээ. Өмнө нь чаддаг байсан зүйлсээ чадахаа байгаад... уур нь ч заримдаа хүрдэг байх. Гэхдээ найз маань угийн сийрэг, сэргэлэн залуу болохоор тун удалгүй ажил төрөлөө хийж эхэлсэн бөгөөд, ажилчидаа ЧАНГА дуугаараа хашгирч командлаад явж байхыг нь харах сайхан л юм билээ. Үхээд боссон гэж бодохоор л, хайрлаад байдаг юм...

Saturday, October 30, 2010

МЭНДЧИЛГЭЭ

Өргөн уудам эх орны маань төв суурин газруудыг нийслэл хоттой төдийгүй тив дэлхийн олон улстай авто замаар холбож, зам барих, засварлан арчлах эрхэм үүргийг хүлээсэн авто замын салбарын нийт ажиллагсад, инженер техникийн ажилтнууд, ахмад замчид та бүхэндээ Монгол Улсад авто замын байгууллага үүсч хөгжсөний 81 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийнbattulga_01 өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Засгийн газраас авто замын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч Улсын төсвийн нийт хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн багагүй хувийг тухайн салбарт зарцуулж байгаагийн үр дүнд сүүлийн жилүүдэд шинээр авто зам, гүүр барих, нийслэлийн авто замыг засаж сайжруулах, гүүрэн гарц барих зэрэг томоохон ажлууд хийгдэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

УИХ-аас "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрт аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох, хурдны зам барих, нийслэлийн авто замыг сайжруулах, гүүрэн гарц барих зэрэг томоохон зорилтуудыг багтаан баталсан нь авто замын салбарынхан та бидний өмнө тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг ногдож байна.

Салбарын үйл ажиллагааны шинэчлэл өөрчлөлтийг Олон улсын норм, стандартын жишигт нийцүүлэн, орчин үеийн шинэлэг арга техник, технологийг ашиглан зураг төсөл, зам гүүрийн барилга, засвар арчлалтын ажилд чанарыг эрхэмлэн ажиллах нь авто замчид та бидний эрхэм зорилго байх ёстой.

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дэд бүтцийн хөгжил тэр тусмаа авто замын салбарын талаар дэвшүүлсэн зорилт, "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрт тусгагдсан авто замын зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд авто замчдын үүрэг өндөр билээ.

Авто замын салбарын хамт олон та бүхнийг өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, улс орны нийгэм эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсан "Шинэ бүтээн байгуулалт"-ын төлөө хамтран ажиллаж амжилт гаргана гэдэгт итгэж байна.

Алтан шар замын хишиг буян ашид мөнхөд ивээх болтугай.


УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫНСАЙД Х.БАТТУЛГА
Эх сурвалж. http://www.vip76.mn