Monday, January 24, 2011

Амьдрах сайхан - 2 буюу “БИ”


Намайг Ч. Идэр гэдэг. Би Баянхонгор аймгийн Өлзийт сумаас гаралтай ЗАНА-ын БОР-ын удмын хүн л дээ. Цагтаа ЗАНА-ын удмынхан Баянхонгортоо цуутай баячууд байсан гэж ярьдаг юм билээ за тэр ч яахав. Би 1981 оны 8 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод аав Чимэдцэрэнгийн 3 дугаар хөвгүүн нь болж орчлонд мэндэлжээ. ОРЧЛОНД НАМАЙГ ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН АЧТАЙ ААВ, ЭЭЖДЭЭ МЭХИЙН ЁСОЛЪЁ. НАМАЙГ ТӨРҮҮЛЖ ӨСГӨН, ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРГЭСЭНД МАШ ИХ БАЯРЛАЛАА, ТА ХОЁРТОО ХАЙРТАЙ ШҮҮ, ХҮҮ НЬ САЙН ЯВЖ БАЙНАА, ХИЧЭЭНЭЭ гэж хэлье.
Би авто замын инженер мэргэжилтэй. Намайг энэ мэргэжлийг эзэмшихэд миний нагац ах их нөлөөлсөн дөө. Ахыг минь З.Болдбаатар гэдэг салбартаа жижиг Болдоо гэж нэрлэгддэг бас л Авто замын инженер мэргэжилтэй мэргэжилдээ сайн, улсдаа хийж бүтээсэн зүйл ихтэй, олонд нэр хүндтэй мундаг инженер байдаг юм. Намайг 10 төгсдөг жил анх Эрдэнэ зам гэдэг компанид ах минь Туслах ажилчингаар оруулж өгсөн юм. Би замын чулуу түүгч, гадас зоогч гэх мэтийн бүхий л төрлийн хар бор ажлаас ажлын гараагаа эхлэж байлаа. Ахаа дүү нь таныхаа ачаар ЗАМЫН БУЯНГ ХҮРТЭЭД САЙН ЯВЖ БАЙНАА, ДҮҮ НЬ ТАНИЙХАА ЗАСЧ ӨГСӨН ЗАМААР СААДГҮЙ ЗОРЧИЖ ЯВНАА БАЯРЛАЛАА гэж хэлье. Анх удаа хөдөө ажиллаж үзэж байгаа надад замын ажил их таалагдсан учир хойтон нь буюу 2009 онд би Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Авто замын инженерийн ангид орж суралцсан юм. Их сургуульд суралцаж байх үедээ зуны амралтаар дандаа л Эрдэнэ зам компанидаа ажилладаг байлаа. Энэ компаниас их ч юм сурсан даа. Энэ хугацаанд бүтээн байгуулалтын ажил гэдэг ямар сайхан байдгийг, шинээр Инженерийн байгууламж барих гэдэг ямар урамтай байдгийг мэдрэн энэ мэргэжилдээ их дуртай болсон доо. Одоо миний ойрын мөрөөдөл бол даруйхан маш сайн ИНЖЕНЕР-ийн багтай болж байгаад 168 км асфальтан замыг өөрөө удирдан бариулах. Энэ бол надад олдож байгаа ИХ ХУВЬ ЗАЯА гэж боддог юм. Их бүтээн байгуулалт гэдэг бол цаанаа л өөр, цаанаа л сайхан л даа, хурдхан шиг л гэхдээ гол нь ЧАНАРтайгаар асфальтан замаа барьчихаад дээгүүр нь салхи татуулан давхих ямар сайхан байх болдоо, одоо гэхэд л 168 кмт нийтэд нь шороон далангийн 1-2 дугаар үеээ барьчихаад дээгүүр нь давхихад их кайфтай байгаа юм чинь асфальталсны дараа МОНГОЛЧУУД ДАНГААРАА, МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД НЭГДЭЖ ийм том бүтээн байгуулалт хийлээ гээд яриад явж байх ч үгээр хэлж үзгээр бичишгүй сайхан байх байхдаа. Замын барилгачид гэдэг бол холыг ойртуулж хоёрыг саадгүй учруулдаг учир ИХ БУЯНЫ АЖИЛ ХИЙДЭГ ХҮМҮҮС гэж олонд нэр хүндтэй байдаг юм. Жишээ нь: анх намайг очиход Таяннуурын уурхайгаас - Бургастайн боомт хүртэл 225км зайтай, замгүй учир Алаг нуурын говь, Хонин усны говь гэдэг монголдоо том 2 говийг замгүй гатлах шаардлага гардаг, ачаатай том машинууд дээрх 2 говийг гатлаж чадахгүй замдаа олон хонодог зэрэг асуудал их гардаг байсан байна лээ. Намайг очихоос 2 сарын өмнө хавар Уурхайн удирдлагууд анхны экспорт хийхээр шийдэн 40-өөд том оврын ачаатай машинаар хүдэр ачин цуваагаар гартал алдарт Алаг нуурын говь дээр нийт машины 80-90ээд % нь элсэнд шигдэж суучихаад, уурхайгаас бульдозер, Урал машинууд авчран эхнээс нь татаж гаргадаг, жолооч нар түрүүлж татуулах гэж сандралдан бөөн л юм болдог, хол суусан жолооч нар хээр 2,3 хоног хоол ундчгүй, хүйтэнд даарч хөрөн, хүн амьтан үзэгдэхгүй, аргаа барахдаа смень жолооч нартайгаа нийлэн хоол иддэг төмөр аягаараа машин доорх говийн Түйрэн гэгдээд байгаа шигддэг шороог урдаас нь ухсаар байж хойгуур нь гарч ирдэг, битүү шар шороо болсон ядарч сульдсан нөхөд байдаг байсан, өлсөж, цангаж, даарч хөрч ёстой л КИНОН ДЭЭР ГАРДАГ шиг л юм болдог байсан гэж Уурхайн анхны жолооч нар их ярьдаг юм хэхэ. Олон ч жолооч тухайн үед шантран гэрийн зүг буцаж байсан. Тэгэхэд одоо бол нийтдээ 2 жилийн хугацаанд олон техник, хүн хүчээр зодон Сайжруулсан шороон зам барьснаар 225км зайг 168км болгон дөтлөсөн, мөн ачаатай, ачаагүй ямарч төрлийн машин хурдан явбал 3-4 цагт ч очих боломжтой болсон байгаа нь Замын ажил ямар их буянтайг гэрчилж байгаа болов уу.
Аа нээрээ 2008 онд замгүй байх үеийн бас нэг хөгжилтэй бөгөөд сургамжтай болсон явдал гэнэт санаанд орчихлоо. Анх энэ 168км авто замын Инженерийн зураг төслийг хийхээр урьдчилсан хайгуул хийж байсан Зургийн инженер А гэдэг залуу, жолоочтойгоо хоёулахнаа нөгөө алдарт Алаг нуурын говиор хэмжилт хийж явахад нь машин нь говийн шигддэг элсэнд шигдэн эвдэрч цааш явж чадахгүй халуун наранд хатаж үхэхээ шахан, оройн сэрүүнд машиныхаа урд 2 дугуйны чигтээ харалдаах замыг засан машинаа түрж хэдхэн метр явдаг байсан. Чухам хэд хоног ч тэгж явсын сүүлдээ жолооч нь өлсөж, цанган ядрахын эрхэнд шантран "Ингээд энэ хүн амьтанчгүй элсэн цөлд амиа алддаг байжээ" гэж цурхиртал уйлахад нь инженер А өөрөө дотроо мөн тэгж бодон айж байсан ч гэсэн жолоочоо зоригжуулан "Хоёулаа энд үхэхгүй ээ заавал амьдрана" гэж зүтгэсээр гарч чадсан гэдэг юм. Нөгөө жолооч нь хот оронгуутаа машинаа хүлээлгэж өгөн амьд үлдсэн дээрээ ажлаасаа гарсан гэсэн. Тэгээд анх 2009 онд биднийг Говь Алтай руу зам барихаар явах гэж байна гэж яригдаж байхад А ийм ийм юм болж байсан, "Чи хүн байтугай шувуу ч нисдэггүй газар луу явж ясаа тавихна уу" маягийн зүйл ярьж манай 1 инженерийн зүрхийг үхүүлэн эргэлзүүлж байсан гэсэн. Мөн анх тэр говьд нь зам барьж болдог ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд, зам мэдэхгүй захиралууд нь ойлгохгүй хэрэгтэй юмаар минь хангаж өгөхгүй л байхдаа гэх мэтчилэн бодон Алтайн хүдэр ХХК-д орох эсэхээ шийдэж ядан байхдаа "За би татгалзаад болилоо ч гэсэн цаанаас Хятадууд орж ирээд барьж л таарна, тэр говьд нь зам барьж болдог юм бол барих хүн нь БИ, БИД яагаад байж болдоггүй юм бэ, хятад хүн юм чаддаг монгол хүн чаддаггүй юм уу гэж бодон шар хөдлөж" сэтгэл шулуудан, зам барих 1 төлөвлөгөө дотроо боловсруулан дайраад үзье гэж шийдээд, хуучин компаниасаа хэл амтайхан шиг гараад Замын хэлтсийн дарга цолтойгоор дөнгөж ажлаа төлөвлөж эхлэж байхад Уурхай дээр олноо УУР М... хэмээх нэрээрээ алдаршсан уурхайн 1 нээх өндөр инженер дөнгөж уулзуутаа л Сайн уу майн уу ч байхгүй надруу учир зүггүй дайран "Чиний зам барьдаг гэж юу байдаг юм бэ? П... минь, тэр тохирох хайрга, чулуу нь ч байхгүй, ус мус нь ч олдохгүй П-нүүд худлаа ярьж цалин цохих гэлээ" бололтой маягийн юм ярин тээр дээрээс дайрахад нь би тайвнаар "Би тэр яг тохирох хайргыг чинь УБ-аас онгоцоор зөөхгүйгээс хойш байгаа юмаар нь, байгаа орчинд нь тааруулаад л замаа барьна даа" гэж хэлээд Говь Алтай руу хөлгийн жолоо залсандаа, гэхдээ тухайн үед ч би бас дотроо нилээд эргэлзээтэй би ер нь зөв сонголт хийж байна уу, үгүй юу нээрээ тэнд нь зам барьж болдог л байгаа даа, яаж хурдан боломжийн зам барьж болох вэ гэх мэтээр дотроо өөрийгөө байнга шаналган эхнээсээ л өөрийгөө нервтүүлэн хүзүү хөшин (одоо бодоход хэт их ажил бодон толгойгоо ачаалснаас даралтаа ихэсээд байсанг мэдэхгүй л яваад байсан байна лээ, Алтайн хүдэр ХХК-д орсноос хойш л үе үе хүзүү хөшөөд байгаа юм даа хэхэ), толгой тархи өвдөн эхэндээ төвөгтэй л байсан. Тэгээд л яахавдээ ямарч байсан ажлаа төлөвлөж, төлөвлөж байгаад МАНАЙ ЗАМЫН ХЭЛТСИЙНХЭН ГАНЦХАН УРА хашгиран эргэж харахгүй, эргэж буцалтгүй дайрсан даа. Тэгэхэд одоо үр дүн нь хэнд ч илэрхий, бид аль хэдийний 168км шороон замаа эхний ээлжинд барьж чадсан. Улмаар Баяжуулах хэлтэсч баяжмалаа нөөцөлж бэлдсээр байсан бөгөөд зам баригдаж дуусангуут 2009 оны 10 сард Баяжмалын анхны экспорт хийгдэж тээврийн хөдөлгөөн саадгүй нэвтэрч эхэлсэн. Гэх мэтчилэн манай авто замын салбарын, мөн бидний ажлын үр дүн хэн хүнд тодорхой харагддагаар нь би АВТО ЗАМЫН ИНЖЕНЕР МЭРГЭЖЛЭЭРЭЭ бахархадаг юм даа. За баахан өөрсдийгөө магтчихлаа хэхэ.
Би замын буянг хүртээд Туслах ажилчнаас эхлэн, Замын инженер, Замын Хяналтын инженер, Судалгааны инженер, Обьект хариуцсан Ерөнхий инженер, Замын хэлтсийн дарга, одоо компанийнхаа Замын хэлтсийн Гүйцэтгэх захирал гэдэг хүндтэй албан тушаалд хүрэх хүртэл дэвшиж ажиллахад надад 12 жилийн хугацаа зарцуулагдаж дээ. Миний амьдрал тийм ч сайхан дардан байсангүй ээ. Ардчилал гарснаас хойш зүгээр байсан амьдрал минь орвонгоороо эргэж, дутуу гучуугийн зовлонг үзэж, дээр нь аавыгаа зуурдаар алдсан гэх мэт бишгүйдээ л зовлон бэрхшээл туулсан. Гэхдээ одоо эргээд 12 жилийн өмнөх Туслах ажилчнаас өнөөдөр энд ирсэн байгаагаа бодохоор мэргэжил эзэмших гэдэг ямар их буянтай бас хэрэгтэй байдгийг, мэргэжилдээ дуртай байх ямар сайхныг, ажил хөдөлмөрийн үр шим гэдэг ямар амттай байдгийг, амьдрал хүнд ямар их боломж олгодгийг, хүн болж төрөх гэдэг ямар их хувь заяа байдгийг ойлгож мэдэрч байна даа. Амьдралаа ингээд эргээд бодохоор өөрт минь их сайхан кайфтай инээд хүрээд байдаг юм, нээх хөгшин хүн шиг үү хэхэ. Анх туслах ажилтан байхаасаа л зам барьж байгаа процессийг байнга л ажиглаж, Ерөнхий инженер, Талбайн инженер, Гүүр, хоолойн инженер, Лабораторийн инженер, Геодезийн инженерүүд, Жолооч, Механизмчид, Гар ажилчидийн тус тусын үүрэг роль, арга барил онцлог зэргийг ажиглан анализ дүгнэлт хийж, замыг ингэж барих ёстой юм байна, ингэж төлөвлөх ёстой юм байна, ингэж барьвал хурдан юм байна, ингэвэл чанартай болдог юм байна, ингэвэл хямд төсөр болдог юм байна гээд олон асуудал дээр толгойгоо байнга гашилгасаар ирж дээ.
Миний нэг хүндэлж явдаг замын инженер ах минь ЗАМЫГ ЭРЧҮҮД Л БАРЬДАГ ЮМ гэж хэлж байсан ерөөсөө санаанаас гардгүй их үнэн үг шиг санагддаг юм. Мэдээж аливаа ажилд бэрхшээл байдаг Зам барих гэдэг бол тоглоом биш их хүнд ажил. Асар их хөрөнгө, хүч, цаг хугацаа шаарддаг, олон техник, тоног төхөөрөмжөөр зодож байж барьдаг онцлогтой ажил. Улирлын чанартай учир хавар 4 сард гэрээсээ гараад л 11 сар хүртэл тасралтгүй дунд нь амралтгүй, хүнд нөхцөлд, гэр орон, эхнэр хүүхдээсээ хол удаан хугацаагаар явж ажиллана гэдэг бол ажилчдаас, инженерүүдээс, эрчүүдээс асар их хүч тэвчээр, зүтгэл, дэг журам шаарддаг л даа. Гэхдээ зовсны эцэст жаргана гэж нэг сайхан үг байдаг даа. Замаа барьж дуусчихаад БИ ЭНИЙГ БАРЬСАН ЮМ, БИД ЭНИЙГ БАРЬСАН ЮМ гэж ам бардам ярьж, барьсан зам дээгүүрээ давхиж байх л хамгийн их жаргал даа. Өөрийн эрхгүй инээд хүрээд орилмоор санагдаад байдаг юм хэхэ. Эцэст нь хүмүүст хандаж хэлэхэд Замыг маш их хөрөнгө хүч, асар олон хүний хөлс хүч, нервийг баран барьдаг учир замыг зөв хэрэглэж байгаарай, Замаа хайрлацгаая аа гэж л уриалмаар байна.
Зам мэдэхгүй хүмүүс надад монголын зам муу, манай замын салбарынхан муу барьдаг гэж хэлэх байх л даа. Үүнд би ингэж хариулана. Зам гэдэг бол асар их хөрөнгөөр босдог. Одоогоор манай улсын 1 км замын өртөг дунджаар 350’000’000-450’000’000 орчим төгрөг байдаг энэ нь ЗХУ-ынхаас 4 дахин хямд, Хятад улсынхаас 3 дахин хямд байдаг гэж би саяхан уншсан юм байна. Та нар боддоо улс замдаа тохирох хөрөнгийг нь хаяж чадахгүй татганаад байвал барьж байгаа улсууд нь төсөвт нь тааруулаад жоохон тиймхэн зам барих нь тодорхой биздээ. Үнэгүй юм үнэгүй гэдэг шиг хямдхан юм хямдхан л байдаг шүү дээ. Тэрнээс манай замын инженерүүд бол сайн аль ч улстай өрсөлдөхүйц сайн зам барьж чадна гэдэгт би итгэлтэй байдаг.
Угаасаа аливаа улс орны хөгжлийн түвшин, удирдлагын чадвар нь Авто зам, Барилга 2-ыг нь л харахад тодорхой шүү дээ. Жишээ нь; Хятадын Эрээн ба Монголын Замын Үүдийн зам, барилгажилт, Улаанбаатар, Бээжин 2-ын зам, барилгажилтын түвшинг л харахад 80жил удирдсан Ху Нам, сүүлийн 20жил удирдалцсан АХ Намын удирдлагууд ямархуу ухаантай, эх оронч улс орноо хөгжүүлье гэсэн сэтгэлтэй нь харагдаж байгаа байх. Зүгээр Улаанбаатарын захын 1 гудамжинд л гараад харахад барилгуудынх нь ямарч төлөвлөлтгүй, эмх замбараагүй, орц гарц нь ч мэдэгдэхгүй шамбааралдсан байдал, замынх нь насжилт, чанар, битүү эвдрэл, онхол, донхол, хотын утаа, замын бөглөрөө зэргийг л харахад дээрх энхрий хайрт удирдагчид маань юу хийж, яаж удирдаж ирсэн нь, яаж идэж, ууж, танаж, хасаж, авилгалдаж, лобиддог нь, яаж хотоо төлөвлөдөг нь яаж удирдаж, зохион байгуулаад байгаа нь бэлхнээ харагдаж байгаа юм биш үү. За за улстөржихөө больё гэхдээ л бодохоор л...хэхэ.
Дээр нь нэмээд хэлэхэд Авто Замын Газрын удирдлагууддаа хувийн зүгээсээ 1 санал дэвшүүлэхэд “Манай одоогийн мөрдөгдөж байгаа норм, стандартаар хямдыг нь бодоод бүх замуудад Асфальтан хучилтын доор хийгээд байгаа Буталсан чулуун сууриас бүрэн татгалзах хэрэгтэй юм байна. Тэр Хөшөөтийн зам дээр бэлхнээ хэрэгжүүлсэн байгаа Хөрсийг цементээр бэхжүүлэн суурь хийсэнг бүх замууд дээрээ нэвтрүүлмээр байна. Үнэ өртөгий нь би тооцож үзэхэд буталсан чулуунаас ихгүй мөртлөө чанарын хувьд хол давуу болоод байгаа юм биш үү. Дээр нь мөн Асфальтны яг доорх тэр БЧСуурийг автогрейдерээр тэгшлүүлдэгээ бүр огт болиулчихмаар байна. Нөгөө автогрейдерчид нь муу тэгшилснээс болж муу тэгшлэгдсэн суурин дээр нь хийгдсэн асфальтан хучилт нь бас долгион, цохиотой муу болон замын нэр хүнд унаад байна шүү дээ. Хятадын зам сайн байдаг нь, толь шиг тэгшхэн өөгүй байдаг, дээр нь зам нь чанартай байдаг зэрэг нууц нь замын Лабораторийн баг, Геодезийн багийг маш сайн ажиллуулж дээр нь тэр хөрсийг цементээр бэхжүүлсэн суурь, асфальтан хучилт хоёроо хоёуланг нь асфальт дэвсэгчээр дэвсдэгтээ байдаг юм байна, тэгснээр асфальтан замын гадаргуун тэгш байдал гайхамшигтай сайхан болдог юм байна. Одоо ЗХУ-ын хоцрогдсон хуучин арга барил, стандартаас татгалзаж, шинэ санаа, шинэ дэвшил рүү тэмүүлцгээе л дээ гэж санал дэвшүүлмээр санагддаг юм. Тэгж байж л замын салбарын нэр хүнд дээшлэх юм шиг санагдаад байгаа юм даа.
Би оны өмнө Хятадад Bauma-2010 техникийн олон улсын үзэсгэлэн худалдааг үзэж явахдаа хятадын Зам, Тээврийн Яаманд олон жил өндөр албан тушаал хашиж байсан 1 хятад даргатай хальт уулзахдаа манайх асфальтны доод суурийг буталсан чулуугаар хийдэг гэхдээ би хөрсийг Цементээр бэхжүүлсэн суурьтай хийнэ гэж төлөвлөж байгаа гэхэд тэр хүн маш зөв санаа байна. Наад буталсан чулуугаар суурь хийдэг технологи чинь манайд тэртээ 10-15 жилийн өмнө хэрэглэж байсан хоцрогдсон арга, одоо манай хаана ч тэгж хийдэггүй гэж хэлсэн нь их зүйлийг бодогдуулсан даа.
За ингээд Нутгийн зам нуруутай Нуган үрдээ ханилгаатай... Амьдрал дажгүй ээ болж байнаа найз нараа, надад сайхан ээж минь, эгч, дүү нар маань байна, сайхан найз нөхөд байна, би сайхан мэргэжилтэй, мэргэжилдээ дуртай, надад сайхан хамт олон байна, удирдлагууд маань намайг байнга ойлгож дэмжиж байна, сайхан эх орон байна амьдралд өөр юу хэрэгтэй юм бэ аан тийм нээрээ хамгийн гол нь эхнэр хүүхэд хэрэгтэй л дээ хэхэ гэхдээ удахгүй намайг ойлгодог, хайрладаг, үнэлдэг, хүндэлдэг сайхан эхнэртэй болох байхаа гэж бодож явдаг даа. Эцэст нь хэлэхэд цаашдаа би улам эрч хүчтэй ажиллаж, улсдаа их зүйлийг хийж бүтээхийн төлөө өөрийгөө хайрлахгүй ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭЭ Л гэж бодож сууна, за ингээд өөрийн хэлэх дуртай үг болох АЛТАН ШАР ЗАМ ТАНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙГ, АМЬДРАХ ҮНЭХЭЭР САЙХАН ШҮҮ ХҮМҮҮС ЭЭ гэдэг үгээр өөрийн товч анкетаа өндөрлье.

2 comments:

Anonymous said...

Юуны өмнө Идэрээдээ ажлын өндөр амжилт амьдралд нь ГЭГЭЭН бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе!

Миний нувьд олоон талаар их зүйлийг нэг гарчигийн доор хүүрнэсэн энэхүү нийтлэл нь зорилгогүй,өөртөө итгэлгүй,бэлэнчилж амьдарсан эрхүүдэд нэгийг хэлж,үлдсэнийг нь зоригжуулахаар сайхан бичигджээ гэж хэлмээр санагдлаа.Хэр баргийн нийтлэл зохиомжуудийн утгын болон үгийн алдааг харж суудаг хоббитой миний бие үүнийг унших мөчид сэтгэлд хүрсэн нь мэдрэгдэж байсныг нуух юун. Алсын тань болон амьдралын тань алтан шар зам өлзийтэй байх болтугай.
D.

Anonymous said...

Юуны өмнө Идэрээдээ ажлын амжилт хүсэж, амьдралд нь ГЭГЭЭН бүхнийг чин сэтгэлээсээ хүсье.
Миний хувьд олоон зүйлээр ихийг нэг гарчигийн доор өгүүлж үүгээрээ өөртөө итгэлгүй, зорилгогүй,бэлэнчилсэн эрхүүдэд нэгийг хэлж,бусдад нь урам зориг эрч хүч хайрласан сайн нийтлэл болжээ гэж хэлмээр байна.
Элдэв нийтлэлийн утга болон үг үсгийн алдааг засаж цэгнэж суудаг хоббитой надад үүнийг уншиж суухад сэтгэлд хүрсэн нь мэдрэгдэж байсныг нуух юун.
Aлсын тань, амьдралын тань алтан шар зам өлзийтэй байх болтугай!
Д.